Мөрөөдлөөр дүүрэн сурагч насаа
Мөнхийн юм шиг эндүүрч явжээ
Мөнгөн хонхны жингэнэх дуугаа
Мөдхөн орхихоо умартаж явжээ
Шуугиж бужигнасан сургуулийн амьдралдаа
Сурагч нас минь дэндүү дасжээ
Инээж уурласан хэдэн багш нартаа
Энхрий бие минь эрхгүй дасжээ
Хичээл сурлагаар тааруухан ч гэсэн
Хонхон дуунаар томоождог нас минь
Суралцах зорилгоор учран золгосон
Сурагчийн ширээний хэдэн анд минь
Анхны хайрын элчийг мэдрүүлсэн
Арван жилийн сургуулийн амьдрал
Тохой нийлүүлж тоо бодсон
Танхил насны ариухан жилүүд
Дурсамж дүүрэн тэр л жилүүд
Дуугүйхэн сажилсаар ард хоцорчээ
Дурлаж дурлуулсан томоогүй нас минь
Дурсамж л болон сэтгэлд мөнхөрчээ
Өнгөрсөн бүхэн дурсамж
Ирээдүй бүхэн зөгнөсөн мөрөөдөл
Эргээд харахад бас л дурсамж
Энэ ертөнц чинь ХҮМҮҮСЭЭ
БҮХЛЭЭРЭЭ ДУРСАМЖ
No comments:
Post a Comment